2010-06-15

"Хүслэн хяслан"

Долгор эмгэн ойрын хэдэн шөнө нэг л янзын зүүд зүүдлэж, өглөө нь их л сэтгэл түгшсэн байдалтай босдог боллоо. Долгор эмгэн:

-Муу ганц охин минь зүгээр л байгаа даа. Одоо хаана, яажшуухан амьдарч яваа бол

гэж бодсоор орноосоо босч, гадагш гарлаа. Ойрмогхоноос тэнгэр муудах янзтай, түүний хэдэн яс салах мэт янгинана.

-Ай энэ амьдрал гэдэг чинь хайрладаггүй юм байна. Би ч залуу зандан насандаа бие хаа тэгш, зүс царайгаар хэний ч дор орохооргүй тийм л сайхан эмэгтэй явсан сан. Эмэгтэй хүн юм хойно сайн ханьтай учирч, өнөр өтгөн сайхан амьдрахыг хүсч л явлаа. Гэвч хорвоо гэдэг хүссэнээр болох биш дээ.

Тэрээр нутгийн нэгэн залуутай ханилан суусан боловч, түүнийг хөл хүнд орхичихоод хорвоог орхичихсон. Эр нөхрөө алдсандаа энэлэн шаналж, төрүүлсэн үрдээ ангир уургийг нь ч бүтэн амтлуулалгүй хүнд өгөөд явуулчихсан. -Бурхан надад тэгш сайхан бие, зүс царайг харамгүй хайрлачихаад ганцхан элэг бүтэн байх заяаг л надад хайрласангүй дээ. Ийн бодсоор гэртээ орвол түүнийг ханхай хүйтэн агаар л угтлаа.