2010-05-01

“Маргааш өнөөдрийн, өнөөдөр харин маргаашийн хүлээлт”

Эмнэлгийн гадаа нэгэн эмэгтэй гунигтайгаар алхана. Түүнийг ямар нэг зүйл бодон удаанаар алхаж явахад хажуугаар нь хөгжилтэй инээмсэглэсэн бяцхан жаал зөрөн өнгөрлөө.
-Энэ хорвоод сайн муу сүлэлдэн оршдог. Хэрвээ хар өнгө үгүй бол цагаан өнгө ямар ч утгагүй мэт тийм л сонин ертөнц. Яагаад заавал ийм байх ёстой байдаг юм бол? Магадгүй хар бараан муу муухайг үзэж, мэдэрч л байж, гэгээн өнгө, сайн сайхан ямархан үнэ цэнтэй болохыг мэдэрдэг болоод л тэр байх даа.
Бүсгүй удаанаар алхана. Харин түүний эргэн тойрны зүйлс дэндүү хурдан хөдлөөд байх шиг.
-Нар хүртэл нэг л өөр мандаад байх чинь. Би дуусах дөхөж байна. Гэхдээ би энэ амьдралыг дуусгахыг хүсэхгүй байна. Дэлхий арай л хурдан эргээд байх шиг. Би амжих ёстой. Цаг хугацааны боол нь биш эзэн нь байх гэж тэр. Нар жаргахаас өмнө.
Хүн өөрийгөө удаан наслахгүй гэдгийг мэдсэн тэр л цаг мөчид түүний бүхий л амьдралын өнгөрүүлсэн тэр цаг хугацаа дэндүү хоосон, харамсалтай санагдана. Тэгээд л үлдсэн энэ жаахан хугацаанд амьдралыг улам ихээр таньж, амьдрах ямар сайхан үнэ цэнэтэй зүйл болохыг гүнээ ойлгодог биз ээ. Тэр амьдралд алдаж л явсан. Гэхдээ оносон нь түүнээс илүү. Гэлээ ч бурхан түүнийг хийсэн буруу болгоныг хэд дахин үржүүлээд дэндүү хатуу ч гэмээр шийтгэсэнд бүсгүй нэг л эвлэрч өгөмгүй санагдана.
-Бараан үүл гарч сэтгэл санаа болоод биеийг минь нөмрөн авч байна. Гэхдээ нэг л өдөр энэ бараан үүл салхинд туугдан арчигдаж, юу ч байгаагүй мэт тэнгэр цэлмэнэ.
Бүсгүй уртаар санаа алдаад толгойгоо өөд болгон урагш хурдан хурдан алхлаа.
-За яахав хорвоо намайг удаан байлгахыг хүсээгүй л биз. Үлдсэн энэ жаахан хугацаагаа урьд өмнө хэзээ ч амьдарч байгаагүй юм шиг бүхнийг шинээр эхлүүлж, өнгөрснөөсөө сургамжилж, муу бүхнийг умартаж, итгэлгүй байгаа ч ирээдүйн сайхны төлөө явах болно доо. Хүн нь илүүддэг хэрнээ хүнээрээ дутдаг энэ хорвоогийн жамыг дагаж бус сөрж зогсоно. Би үүнийг заавал чадна. Энэ хорвоогийн түмэн зүйлс бүгд нэгэнтэйгээ холбоотой. Юм бүхэн утга учиртай. Өвс цэцэг урган дэлгэрэх, модноос навч унах нь хүртэл утга учиртай. Юм бүхэн цаг хугацаатай. Харин өөрт оногдсон тэр л жаахан цаг хугацаа, орон зайд өөрийн гэх бүхнийг үлдээж чадсан хүн л мөнхөд оршиж чадна. Гэхдээ мөнх юм гэдэг утгагүй. Яагаад гэвэл амьдрал богино байх тусмаа хүн аливааг хийж бүтээх, шинийг эрж хайж чадна шүү дээ.
Бүсгүй явсаар нэгэн газар сууж наран жаргахыг харлаа.
-Үлдсэн энэхэн насандаа үзээгүй бүхнээ үзэж, хийж амжаагүй зүйл, хэлж чадаагүй үгс, хайрлаж байгаагүй бүхнээ хайрлаж жинхэнэ утга учиртай амьдралыг туулахсан. Гэвч хүн гэдэг дэндүү хожуу ойлгодог нь гаслантай. Магадгүй би илүү удаан амьдрах байсан бол энэ нарыг ийм сайхан гэдгийг хэзээ ч мэдэрч чадахгүй байсан ч юм билүү. Тэгэхээр ийм хувь тохиосон бурханд баярламаар ч юм шиг.Цэлмэг тэнгэрт нар мандаж шинэ өдөр эхэллээ. Нарны гэрэл бүсгүйн нүүрэнд тусахад тэр гүзгий амьсгаа аваад нар өөд харан инээмсэглэв.
-Шинээр эхлүүлж буй амьдралын минь хамгийн эхний өдөр. Бүх юм шинэхэн. Цаг хугацаа хүртэл тэгээс эхэлж байна.
Өнөөх бүсгүй гудамжаар баяр хөөртэйгөөр алхаж явлаа. Тэгтэл золбин гөлөг хоол горьдсон харцаар харж, хүн хүн даган гүйнэ. Хажууханд нь гуйлга гуйн суух бяцхан хүү сөөнгөтөж хатсан хоолойгоор эхийн тухай дуу дуулан, урдуур нь өнгөрөх хүмүүсрүү алга тосон сарвайж байлаа.-Өөртэй минь адил хорвоод хэрэггүй болсон хөөрхий амьтад. Миний эдэлж чадаагүй тэр зүйлсийг хүртэх ёстой амь. Хорвоод би хэрэггүй болсон шиг хэн нэгэнд хаягдсан энхрий бяцхан амьтад шүү дээ. Эдэнд хийсэн буруу, нүгэл гэм гэж үгүй. Харин би... бүсгүй хөөрхий хоёр бяцханд өөрт байгаагаа өгч тусаллаа. Өнөөдөр энэ 2 жаахан амьтанд тусалсандаа өдөржин баяртай хөөртэй явж, яагаад ч юм нэг л сайхан сэтгэл дүүрэн хийсэн бүх ажил нь бүтээд ч байгаа юм шиг санагдана. Орой боллоо. Нар жаргаж байна. Бүсгүй жаргаж буй нарны туяаг яг л эцсийн удаа харж байгаа мэт уртаар санаа алдана. Маргааш...
-Хэрвээ би маргааш нар яаж мандахыг үзэж чадахгүй бол яана. Маргааш би гудамжаар алхаж, хүмүүсийг харж, хөөрхөн хүүд туслаж чадахгүй бол яана. Нар чи түр хүлээгээч надад ганц хором үлдээгээч дээ. Би амьдармаар байна. Маргааш болчихвол би амжуулаагүй бүхнийхээ төлөө харамсах гээд байна. ХҮЛЭЭ...

“Хаврын өнгө”

Эрдмийн их өргөөнөө мөнгөн хонхны жингэнэх дуу төгсөгчдийн баяр гунигийн дуутай хослоно. Цасан дороос анхны яргуй цухуйхтай зэрэгцэн малчны хотонд нялх төлийн дуу гарч, тариа ногоон талбайд тракторын өргөн мөр зурайна. Энэ бүгд дэлгэр баян нутагт минь дүн өвөл дуусч, урин хавар айлчлан ирсний дохио юм. Хаврыг хайргүйгээр төсөөлөмгүй. Хайрын тухай гэнэн бодлууд толгойд эргэлдэж, сэтгэл гэгэлзээд нисмээр ч болох шиг, нэг л тайван бус жигтэй болчих юм. Хавар гал улаан зүрх гал халуун хайрыг, биесээ эрэн тэнүүчилдэг. Тэнэж тэнэж нэгнээ олно. Тэгээд л амьдрал эхлэх нь тэр дээ. Ер нь хавар юм бүхний эхлэл нь юм. Хаврын анхны юм бүхэн сайхан. Тэр дундаа бороо ямар гоё гээч. Сэтгэлийн гүнд нуугдах гуниг харууслыг угаан урсгах мэт.Сайн нь муутайгаа сүлэлдэн орших энэ хорвоод хаврын мууг дурдалгүй өнгөрч боломгүй. Хаврын салхи ааш нь олдохгүй хүнтэй адил. Ёстой хавирга нэвт үлээнэ дээ. За тэр шороог бол ярих ч юм биш. Онгорхой хагархай бүхэн рүү улаан шороо чигжигдэх нь тэр. Хавар аа гэж.
Урьхан хаврын салхи нь хонгор
Улс олны амьдрал ханагар
Унаган нутгийн цэлгэр хөндийд
Уянга дууны эгшиг цээлхэн…