2010-07-18

"Дөлгөөн эгч"

Намайг Буд гэдэг. Би жирийн л нэг монгол хүн. Чихэрт хууртаж өсөөгүй хөдөөгийн эгэл борхон хүү явлаа. Бага балчир насны дурсамж бүхэн хүнд ямар нэг ухаарал хайрласан байдаг. Би урьд хүн бүрийн зүрхэнд арилгахыг хүсдэг толбо гэж байдаг хэмээн хүмүүсийн ярихыг бишгүйдээ л сонсож байлаа. Харин надад байх тэр толбыг би арилгах дургүй харин ч улам тордож тодруулдаг гээч. Намуухан хоолой, нүднийх нь дөлгөөхөн харц гээд л... Нэр нь хүртэл Дөлгөөн. Насан туршдаа мартаж чадамгүй нэг л агшин гэж байдаг юм гэсэн дууны мөрт бий. Тэр нэг өдрийн тэр л нэг агшин... Яг л саяхан болсон мэт тодоос тод зүрх сэтгэлд минь үлдэж дээ. Тэр зуны дэлгэр сайхан өглөө бусад өдрийн л адил эхэлсэн юм.
1
Хөдөө нутгийн өглөөний амьдрал. Өглөөн нар уулын цаанаас гарч, орчлон дэлхийг баясган гялбуулна. Айл хотныхон сүү саалиндаа хэдийнэ гарчээ. Энд тэнд бэлчих үнээ мал тайван идээшилж, хөөрхөн бяцхан тугал эхийгээ дуудан хааяа нэг мөөрнө. Айлын бяцхан жаалууд дуу шуутай гүйлдэцгээнэ. Харин өглөөний ургах нарны гялбаанд хэн нь үл мэдэгдэх нэгэн хүн байдаг чадлаараа зам дагуу гүйнэ. Гүйж яваад тэр бүдэрч уналаа.
2
Зам. Шороо бужигнуулан хүчтэй тоормослосон машины тоос намдахад хот газрын гэмээр урт цагаан даашинзтай, гил хар үстэй, алаг нүдэн бүсгүйн дүр тодрон гарч ирлээ. Үүнийг морины уяаруу алхаж явсан Буд хүү харав. Тэр мөчид түүнд цаг хугацаа зогсох мэт л санагдаж хэр удаан зогссоноо ч мэдсэнгүй. -Хөөе агаа гэх дуунаар цочин харвал түүний хажууд бяцхан дүү нь ирчихсэн хормойноос нь татаж: -Явъя л даа Агаа харья гэхэд ухасхийн уяанаас морио тайлж аваад мордож, байдгаараа чавхдан алга боллоо.
3
Гэрийн гадна үнээ мал мөөрч, зүггүй хэдэн ишиг энэ тэрүүгээр гүйн тоглоно. Ханын толгойд нар тусаж өглөө болсныг илтгэнэ. Орон дээр хөнжлөө тийрэн, цээж нүцгэн хэвтэх Буд ухасхийн орноосоо өндийж суугаад нүдээ нухлан суниангаа гэр доторхыг нэгжин харав. Орны хөлд тохсон нөхөөстэй саарал өмдөө шурд татан өмсөөд гүйн гарлаа. Ээж нь хэдийнэ хэдэн үнээгээ сааж дууссан бололтой. Хоёр гартаа хувинтай сүүгээ барьсаар ирж явахыг харсан Буд өөдөөс нь гүйн очиж савтай сүүг нь өргөлцөн гэрлүүгээ явав. Тэр зуур ойр зуурын юм ярилаа. Ээж:
-Өнөөдөр уг нь Ажаагийнд энэ сүүг дөхүүлээд өгчих юмсан. Даанч аав чинь байхгүй яая даа байз...
-Ээж ээ би хүргээд өгчихье л дөө.
-Миний хүү чадах юм уу даа.
-Зүгээр ээ би чадна. Би ямар жаахан хүүхэд байгаа биш дээ.
-Ганбааг ирэхээр дөхүүлээд өг гэж гуйхаас ээж нь.
-Үгүй дээ ээж ээ. Танд хэлээд байна шүү дээ. Ямар жаахан хүүхэд биш. Тэгж хүн царай алдаж байхаар би хүргээд өгчихье л дөө.
-За за. Ээж нь савлаад бэлдээдхэе. Миний хүү цайгаа уу.
гэж хэлээд гэрийн хойморт байх авдрыг уудлан суулаа. Эрээн алчуураар нямбайлан боосон баадангаас шинэ дээлээ гарган өмсөв. Энэ үед дүү нь гаднаас гүйн орж ирээд:
-Ээж ээ ах яагаад шинэ дээлээ өмсөөд байгаа юм. Наадам болчихсон юм уу.
гээд гайхан асуухад:
-Үгүй дээ миний хүү. Ажаагийнд нь сүү аваачаад өгөхийн хооронд л сум орох гэж байгаа юм шиг л хувцасаа солиод уналаа шүү дээ энэ ах чинь.
Ингэж хэлээд ээж нь сав суулга, цай цүү болон эргэнэг хавиар эргэлдэв. Дүү ахыгаа гайхан харчихаад боов өрөм эргүүллээ. Буд толины өмнө суугаад үсээ гөлчийтөл самнана.
4
Морин дээр тэнцүүлж ачсан ачаатайгаа Ажаагийн гадаа ирж уяан дээр морио уялаа. 2 гартаа савтай сүү барьсаар дааж ядан гэрт орж ирээд гэрийн доторхыг тойруулан харж баруун талын орон дээр сууж байсан хүүхэн дээр харц нь тогтлоо. Орон дээр ном уншиж суусан бүсгүй:
-Аан миний дүү яасан сүү авчирсан юм уу. Эргэнэгийн дэргэд хувин байна лээ. Тэрэнлүү султгачих.
Буд сүүгээ хувинруу султгах хооронд Дөлгөөн босч аяганд цай хийж өгөөд:
-Миний дүү наашаа сууж цай уу.
гэж хэлээд шүүгээнээс тавагтай боорцог ааруул гаргаж тавив. Буд түүнрүү нууцхан харна.
-Чи эртээр намайг ирэхэд Ажаагийнхаас гарч явсан хүү мөн байна шүү дээ
гэхэд Буд дуугүйхэн л аягатай цайг аван ёс төдий амсчихаад л гарч явлаа.
5
Булаг дээр Дөлгөөн амандаа гунигийн дуу аялан ус авч байхад Буд усны төмөр сав хангинуулсаар ирлээ. Дөлгөөн хэзээний таньдаг хүн шиг инээмсэглэн угтаж:
-Чи ч мундаг юм аа. Усаа авна, хониндоо явна гээд л. Хоёулаа нээрэн танилцаагүй юм байна шүү дээ. Ингэхэд чамайг хэн гэдэг вэ?
-Буд.
-Харин намайг Дөлгөөн гэдэг.
гээд инээмсэглэн гараа сунгаж шуудхан л гарыг нь чанга атгахад Буд ичисхийн байлаа Дөлгөөн ус хутган савандаа юүлэх зуураа:
-Чи булгийн ус яагаад дороосоо оргилдог гэдгийг мэдэх үү?
-Мэдэхгүй ээ. Би урьд нь бодож байгаагүй юм байна аа.
-Чи энэ булгийг хар даа. Ийм жижигхэн хэрнээ эндээс ямар их хүн ундаалж амьдралаа залгуулдаг гээч. Намайг жаахан хүүхэд байхад энэ булаг яг л энэ хэвээрээ байж л байсан. Одоо ч байж байна. Хойшид ч гэсэн байж л байна байх.
-Хөөх та энд байсан юм уу?
-Тийм ээ байсан. Миний хамгийн нандин дурсамжтай цаг мөчүүд энд л өнгөрсөн дөө.
-Та тэгээд яагаад яваад өгсөн юм?
-Хүний амьдралд юу ч тохиолдож болдог юм шүү дээ эгчийн дүү.
гэж хэлээд санаа алдав. Дөлгөөний сав ч дүүрлээ. Савтай усаа барин Будруу харж инээмсэглээд гэрийн зүг цааш алхлаа. Түүний тэр сайхан инээмсэглэл. Буд ч түүнрүү инээмсэглээд хоцорлоо.
6

Одод анивчин гялалзаж, зуны үдшийн сэрүүн салхи сэвэлзэнэ. Хаа нэгтээ хоточ нохойн бүдэг дуу сонсогдоно. Буд гараа дэрлэн дээш харан хэвтэж байлаа. Хажууд нь дүү нь хорвоогийн түмэн учрыг ам хуурайгүй шалгаана.
-Агаа та том болоод ямар хүн болох вэ? Би л лав цагдаа болно оо.
-Би л лав сайн хүн болно л гэж бодож байна.
-Сайн хүн гэж ямар хүнийг хэлдэг юм бэ? Цагдаа шиг хүнийг хэлэх үү?
-Сайн хүн гэж үү?... гээд цааш эргэж амандаа: –яг л Дөлгөөн эгч шиг хүнийг хэлдэг юм гэхэд дүү нь:
-Юу гэнэ ээ? Та юу гэж хэлсэн бэ? аан
-Би юм хэлээгүй ээ.
-Худлаа яриад л. Та юм хэлсэн ш дээ. Цагдаа болох хүн чинь сонор байдаг юм гэж хэлээд чанга инээхэд гэр дотроос:
-Миний хүүхдүүд унтаарай..гэх ээжийн үг сонсогдлоо.
7
Нар уулын орой дээр түр тогтчихов уу гэлтэй дугуйран улайрч харагдах нь тун сайхан байлаа. Дөлгөөн чив чимээгүй газар ширтэнэ. Нүднээс нь том том нулимс дуслан байлаа.
-Та яагаад уйлаад байгаа юм бэ?
-Би юу? Уйлаагүй ээ. Эгчийнх нь нүднээс нулимс гарахаа болиод удаж байна.
-Та яагаад худлаа хэлээд байгаа юм бэ? Тэгээд таны нүднээс нулимс биш юу урсаад байгаа юм бэ?
-Аан энэ үү? зүгээр л. Нарлуу жаахан харсан чинь харин...
-Таныг яагаад буцаж ирсэн тухай хүмүүс их олон янзаар ярьж байна лээ
-Тийм ээ тэр хүмүүсийн ярьж байгаа нь бүгд үнэн. Чи ингэхэд хот орж үзсэн үү?
-Үзээгүй ээ. Сумын төвөөс их том л гэж сонсож байсан. Бас зурагтаар харахад их гоё олон гэрэлтэй яг өдөр шиг байдаг. Бас зах дээр их олон хүнтэй байдаг гэсэн.
-Тийм шүү их том. Зөндөө олон машинтай, өндөр өндөр барилгуудтай, их ч олон хүмүүс байдаг. Харин хүн байхгүй, хүмүүс л байдаг юм.
-Юу гэсэн үг вэ? Хүмүүс чинь хүн биш юм уу?
-Мөн л дөө тэд нар яг над шиг, чам шиг хоёр хөлтэй, толгойтой. Гаднаас нь харахад яг л хүн шиг. Харин дотроо бол хүн биш зүгээр л... чамд юу ч гэж хэлмээр юм бэ дээ. За за чи том болохоороо аяндаа ойлгоно биз.
-Та яасан юм? Энд хүн хайж ирсэн юм уу?
-Аанхан
гэснээс өөр үг Дөлгөөний амнаас гарсангүй. Буд дуугүйхэн л Дөлгөөний санчигны үсийг зөөлөн иллээ.
8
Дөлгөөн булгийн усанд ямар нэгэн зүйлийг их л нухацтайгаар хайж байлаа. Буд дэргэд нь зогсоод харж зогсоно. Тэгснээ хамт хайлцаж эхэллээ.
- Дөлгөөн эгч ээ хоёулаа юу хайж байгаа юм бэ?
-Эгчийнхээ нэг чухал зүйлийг хайж байгаа юм аа.
-Юу юм бэ тэр чинь?
-Зүрх
-Таны зүрх цээжинд чинь байхгүй юм уу?
-Байгаа.Эгчийнх нь зүрх сэтгэл энэ булгийн усан дотор олон жилийн өмнө үлдчихсэн юм.
-Тэгвэл таны сэтгэлийг эндээс заавал олно оо гээд Буд улам эрчимтэй хайж эхэллээ.
Олон жилийн өмнө бүсгүй энд найзтайгаа тоглодог байжээ. Тэгээд нэгэн өдөр үргэлж хамтдаа байна гэдгээ нэгэндээ амалцгааж, хүн бүр ундаалан байдаг энэ булагт 2 зүрхээ үлдээсэн юм байж.
9
Буд бурханы өмнө завилж суугаад хичээнгүйлэн залбирна.
-Бурхан минь та Дөлгөөн эгчийн сэтгэлийг олоход надад туслаач. Та бас Дөлгөөн эгчийг үргэлж миний дэргэд байлгаж өгөөч гээд доош сунан мөргөлөө. Өндийж өврөөсөө чихэр гарган бурханы өмнөх жижиг тахилын ширээн дээр тавилаа.
10
-Агаа та яагаад ийм сонин болчихсон юм бэ?
-Яасан гэж?
-Та урьд нь надтай тоглодог байсан чинь одоо бүр ерөөсөө тоглохоо больчихсон байх юм.
-Агаа нь одоо том хүн болж байгаа.
-Худлаа яриад л та жаахан хүүхэд хэвээр л байна шүү дээ. Танд сахал ургаагүй байна. Бас хоолойнд чинь аавынх шиг товгор байхгүй. Бас та ганцаараа аав шиг адуундаа явдаггүй.
-Үгүй ээ. Ах нь одоо их чухал зүйл хайж байгаа мундаг том хүн болсон.
-Тэгээд та юу хайж байгаа юм. Би хамт хайж болох уу? Би ч гэсэн том болмоор байна.
-Үгүй ээ. Дөлгөөн эгчийн сэтгэлийг...Би л ганцхан олж өгч чадна.
-Дөлгөөн гэнэ ээ. Тэр эгчийг чинь муу хүн, сайхнаас цаашгүй амьтан гэж Сүндэр эгч өнөөдөр ирэхдээ ээжид хэлж байна лээ. Бас өөр зөндөө олон юм ярьж байхыг нь сонссон.
-Худлаа ярьж байгаа юм байхгүй юу. Хүн өөрт нь байхгүй юманд дандаа тэгж атаархдаг юм гэж Дөлгөөн эгч надад хэлсэн. Миний дүү хүмүүсийн үгэнд битгий итгэж байгаарай за юу.
-За
-За за одоо хоёулаа унтъя.
11
Дөлгөөн гэрийн гадаа ааруул хийж суухад Буд ирлээ. Тэрээр мориноосоо дэвхийтэл үсрэн бууж яг л том хүн шиг нуруугаа үүрсээр Дөлгөөний дэргэд ирж завилан суув. Амандаа өвс тасдан зууж алсийн бараа ширтэх нь эгээ л насанд хүрсэн хүн шиг харагдаж байлаа.
-Эгч нь нөгөөдөр буцаад хот явлаа.
-Та сэтгэлээ олчихсон юм уу?
-Тийм ээ сэтгэл ээ олчихсон.Чи байгаагүй бол би л лав хэзээ ч олохгүй байсан байх аа. Тийм болохоор дүүдээ маш их баярлалаа....гээд хацар дээр нь шоп хийтэл үнслээ.
Буд бондгосхийн цочиж огцом босоод эргэж ч харалгүй чигээрээ мориндоо мордоод давхин одов. Дөлгөөн харин түүнийг гайхсаар хоцорлоо.
12
Машин хөдөлж хөтөл даван далд орохын алдад Буд мориндоо мордож давхилаа. Морь нь явж ядахад Буд хэд хэд ташуур өгсөн ч урагшлах шинжгүй байв. Буд бууж, морио орхин хар хурдаараа машины араас нь гүйлээ. Нулимстай нүдэнд нь машин нэг ойртож, нэг холдож харагдана.
-Дөлгөөн эгч ээ та битгий яв л даа. Та сайн хүн биз дээ. Миний сэтгэлийг аваад явчихлаа шүү дээ. Та миний сэтгэлийг аваад явчихлаа.
гэж хашгирахад Буд тоосон дунд улам бүдгэрсээр тэртээ ард үлдэн хоцорлоо.

Тэр гэнэт л ирсэн шигээ яваад л өгсөн. Яг л цэлмэг хөх тэнгэрт дураараа дүүлэн нисэх жигүүртэн шиг. Шувуудад би атаархдаг. Яагаад гэвэл тэд очихыг хүссэн газартаа нисээд л оччихдог. Бас явмаар бол даль жигүүрээ дэлгэн дэвсээр нисч тэнгэрт дүүлээд л явчихна. Би тэр үед шувуу болж нисээд Дөлгөөнөө эгчийн араас нисэхийг ямар их хүсч байсан гээч. Дөлгөөнөө эгчээс би их зүйлийг мэдэж авсан. Хүн хорвоод өөрийгөө цорын ганцаар гэдгээ мэдэрсэн тэр цагт, ганцаардал гэгчийг амсахаараа ихийг л боддог юм гэдгийг би хожуу ч гэсэн ойлгож мэдсэн. Тэр үед түүний надад хэлсэн тэр үгс...-хэрвээ чамайг байхгүй байсан бол эгч нь олж чадахгүй байсан байх даа...Би тэр хүнд амьдрал, амьдрах хүсэл зориг олж өгсөн гэж бодож, өөртөө хэлдэг. Гэнэн бага насны минь гэмгүй тэр л цагаахан сэтгэл ганцаардаж хатсан цэцгийг усалсан гэдэгт би итгэдэг. Хүн сэтгэлээ хэн нэгэнд алдаж хоосордог ч хэзээ нэгэн цагт түүнээс ч илүү сэтгэлийг нөгөөгөөс олж авдаг юм байна лээ. Ийм л болохоор амьдралд хүмүүс илүү хайртай байдаг биз ээ. Би ч бас.