2010-08-22

"Эрт урьдын цагт юм гэнэ ээ буюу анчны охин аврагдаж айлын эхнэр болжээ" хэмээх 2-р хэсэг

Эрт урьдын цагт юм гэнэ
Эртний нэгэн охин
Агуйн гэртээ суугаад
Аавыгаа хүлээдэг байжээ.
Нэгэн өдөр өнөөх охин
Амандаа дуу аялангаа
Агуйн ханаа чимэглээд
Аавыгаа хүлээж байлаа.
Гэнэтийн аюул тэгтэл болж
Гай зовлон нүүрлэн ирэв.
Өлөн нүдэлсэн өлсгөлөн чоно
Өнөөх агуйд нь ороод ирлээ.
Охин түүнийг хараад
Орилох гэтэл дуу гарсангүй
Аврал эрэн хашгирах гэтэл
Ам хэл нь гацаж орхив.
Нүднээс нь гал ассан
Нүгэлт чоно гэтэн ойртоно
Нүхэн гэрээ тойруулан харвал
Нэг ч зэвсэг харагдсангүй
Гарт таарсан ганц чулуу
Гайт чоныг зайлуулж дийлэхгүй
Аргаа барагдтал тэмцэж үзээд
Араатан чонын идэш болж дээ
Охин ингэж бодлоо
Омголон зүрх зоригоор дүүрлээ
Чулуугаа бариад уухайлан дайрлаа
Чоно ч өөдөөс нь архиран үсэрлээ.
Ганц биеэр жаахан охин
Гайхал араатныг дийлэхгүй нь
Аймшигт чоно үсрэн дайрахад
Аавыгаа дуудан хашгирав
Аврал эрэн эцсийн удаа дуудав
Аав аа гээд ухаан нь балартлаа.
Алсаас хэн нэгний дуудах нь сонсогдоно
Харах нүд нь бүрэлзэн сааралтана
Хамаг бие нь шархиран хөндүүрлэнэ
Арай хийн өндийж хавь орчноо харлаа.
Хартал юу байсан гэж санана
Харж урьд нь үзээгүй
Ханхар сайхан цээжтэй
Хавтай төрсөн зоригтон байна.
-Үгүй та чинь хэн билээ?
Үйлт чоно хаана байна?
Яалт ч үгүй тэр амьтан
Ясанд тултал зуух шиг л болсон.
-Хөөрхөн охин минь чиний
Хашгирах дуунаар ирсэн юм
Хөх саарал боохой чамайг
Хариугүй идэхийн даваан дээр
Хурдан шалмаг хөдөлгөөнөөр<
Хурц мэргэн зэвсгээрээ
Аюулт араатныг зогсоож
Амийг тань аварсан билээ би.
-Алтан амийг аварсан
Ачтан тандаа гялайлаа
Аугаа зоригт таны тухай
Аавдаа би заавал дуулгана аа.
Гарцаагүй тэр баярлана
Гавьяа юуг тань үнэлнэ
Эр зоригт эрэмгий таныг
Энэ насандаа мартахгүй санана.
Ингэж байтал гаднаас аав нь
Ирвэс, бар, буга тэргүүтэн
Өдрийн агнасан ангаа үүрсээр
Өргөө гэртээ орж ирээд зогтусав.
-Хүүе чи хэн билээ
Хонгорхон охиноос минь холд
Ямар санаа агуулав чи
Яаралтай түргэн далд ор
Жадаа түүнрүү чичлээд
Жигтэй харцаар харав гэнэ
Охиноосоо түүнийг холдуулаад
Одоохон гарахыг тулгав гэнэ.
Аавдаа үнэнийг ойлгуулахаар
Алиахан охин нь учирлав
Хэрэг явдлыг сонсоод
Хөөрхий эцэг баярлав
Үхлээс охиныг аварсан
Үнэн зоригийг бишрэв
-Ганц үрийн минь үнэт амийг
Эрэмгий чи аварсан болохоор
Гал сахих гэргий чинь болог
Энхрий охиныг минь жаргааж яв.
-Ачит аав тандаа баярлалаа
Агуйн гэрээ орхин явлаа ч
Энэ гэрээ эргэж тойрно
Эцэг таныгаа өргөж асрана.
-Хүү нь тандаа талархлаа
Хөөрхөн охиныг тань жаргаанаа
Хөгшин буурал таныг ч бас
Хүндэтгэн өргөж асарна аа.
Ингээд охин айлын хүн болж
Ижил дасал гэрээ орхиж
Хань нөхөр юугаан дагаад
Харь нутагт амьдран суухаар
Агуйн гэрээ санана даа гэж
Аавдаа эрхэлмээр болно доо гээд
Санаа алдан дуулна даа гэсээр
Салж ядан гэрээсээ явлаа.
Аавын охин гэрээс гарлаа
Анчин хүний гэргий боллоо
Амьдрал үзэх нас нь ч боллоо
Амар сайхандаа жаргах биз ээ.
Тэдэнд байгаль ивээлтэй байг
Тэдний амьдрал жаргалтай байг
Тэдний зовлон нимгэн байг
Тэдний зам дардан байг.
Үлгэр ингээд дуусаагүй
Үргэлжлэлийг дараа бичнэ
Дараагийн хэсэгт юу болохыг
Даамай та нар шийдээрэй.

2010-08-03

"Эрт урьдын цагт юм гэнэ ээ" хэмээх 1-р хэсэг

Эртээ урьдын цагт гэнэ
Эртний нэгэн охин байжээ
Агуй гэртээ өдөржин суугаад
Аавыгаа ирэхийг хүлээдэг байлаа
Охин:
-Арслан зааныг ч дийлэх хүчтэй
Анчин аавын охин билээ
Аав минь ангаас олзтой ирээд
Адал явдлаа хурдхан яриасай.
Аав:
-Хөөрхөн охиндоо аав нь
Хөөр баяртай ирлээ дээ
Авласан ангаа харуулахаар
Алсаас яарсаар ирлээ шүү
Чи миний юу авчирсныг
Тааж мэдэж байна уу охин минь
Чоно, туулай, үнэг, хярс гээд
Тооломгүй их олзтой ирлээ
-Охин нь галаа өрдөе дөө
Оройн зоогоо бэлтгэе дээ
Амарч та минь тухлаач
Алив жадаа нааш нь өгчих
Галаа сайн манасан болохоор
Гарцаагүй та шагнана биз ээ
Гэрээ сайн харсан болохоор
Гэнэхэн охиноо үнсэнэ биз дээ.
-Хонгорхон охиндоо аав нь
Хархан үнэгний зөөлөн арьс
Хурц хурдтай нум сум
Хоёуланг нь бэлэглэж байна.
Том болоод охин минь чи
Төөрөг жамын ёсыг даган
Аавын гэр агуйгаа орхиод
Анчин хүний гэргий болно.
-Ачлалтайхан аав минь дээ
Арай ч таныгаа орхихгүй ээ
Өтөлж та минь өвгөн болсон ч
Өргөж таныгаа асрах болно оо.
-Ийм л ухаантай охинтой болохоор
Аав нь хүчтэй байдаг юм шүү дээ
Ирвэс, бар, арслангаас ч айхгүй
Аймшиггүй чин зоригтой байдаг юм
-Орой болж нар ч жаргалаа
Одоо хоёулаа хоолоо идье
Хоолны амт хэр болсон байна
Хэлж зөвлөөч аав минь
-Орчлонд үүнээс илүү амттайг
Огтхон ч аав нь зооглож байсангүй
Охин минь чи хийсэн болохоор
Онцгой сайхан болсон байна
-Алив аягаа нааш нь өгөөч
Арчиж жаахан цэвэрлээдхэе
Агуйн гэрт амьдардаг ч гэсэн
Ажилсаг сэргэлэн охин шүү би
-Од түгэж харанхуй боллоо
Орондоо ч орох цаг боллоо
Унтаж амаръя даа охин минь
Угтах өглөөд өөдрөг сэрээрэй.
-Ангийн хойноос өдөржин гүйгээд
Алжааж зөндөө ядарсан биз дээ.
Та минь ч гэсэн унтаж амар
Тавтай сайхан нойрсоорой.

"Шал далий"

Өнөөдөр далий юмны тухай бодох хэрэг гараад, жаахан судаллаа. Тэгснээ гэнэт далиймаар бодогдоод нэг иймэрхүү далий юм болчихлоо доо. Тэхдээ яахав тэгж ярихым бол Далий гэдэг нэртэй зураач хүртэл байдаг юм чинь тийм үү? Ингээд хамт далийрцгаая.
Далий гарагийн далий бодолтой далийрсаар байгаад далий болсон хүмүүс байжээ.
Тэр үеийн хүмүүс цөм
Тэрслүү хачин бодолтой
Тиймдээ ч тэд далийж алхдаг
Тэгшхэн зүйлд дургүй байсым
Дэлхий хүртэл далий гэж
Дээдэс нь хүртэл итгэдэг
Даамай тэдэнд тэгш бус
Далий бүхэн сайхан санагдана
Юм бүхэн нь далий болсоор
Юу ч тэнд тэгш биш болоод
Далийсаар байгаад хөөрхий
Дэлхийгээс тэд унасан байх аа
Далий далий далий
Дуртай бүхэн нь далий
Далийж алхасаар байгаад
Далий бодолтой болжээ.