2010-08-22

"Эрт урьдын цагт юм гэнэ ээ буюу анчны охин аврагдаж айлын эхнэр болжээ" хэмээх 2-р хэсэг

Эрт урьдын цагт юм гэнэ
Эртний нэгэн охин
Агуйн гэртээ суугаад
Аавыгаа хүлээдэг байжээ.
Нэгэн өдөр өнөөх охин
Амандаа дуу аялангаа
Агуйн ханаа чимэглээд
Аавыгаа хүлээж байлаа.
Гэнэтийн аюул тэгтэл болж
Гай зовлон нүүрлэн ирэв.
Өлөн нүдэлсэн өлсгөлөн чоно
Өнөөх агуйд нь ороод ирлээ.
Охин түүнийг хараад
Орилох гэтэл дуу гарсангүй
Аврал эрэн хашгирах гэтэл
Ам хэл нь гацаж орхив.
Нүднээс нь гал ассан
Нүгэлт чоно гэтэн ойртоно
Нүхэн гэрээ тойруулан харвал
Нэг ч зэвсэг харагдсангүй
Гарт таарсан ганц чулуу
Гайт чоныг зайлуулж дийлэхгүй
Аргаа барагдтал тэмцэж үзээд
Араатан чонын идэш болж дээ
Охин ингэж бодлоо
Омголон зүрх зоригоор дүүрлээ
Чулуугаа бариад уухайлан дайрлаа
Чоно ч өөдөөс нь архиран үсэрлээ.
Ганц биеэр жаахан охин
Гайхал араатныг дийлэхгүй нь
Аймшигт чоно үсрэн дайрахад
Аавыгаа дуудан хашгирав
Аврал эрэн эцсийн удаа дуудав
Аав аа гээд ухаан нь балартлаа.
Алсаас хэн нэгний дуудах нь сонсогдоно
Харах нүд нь бүрэлзэн сааралтана
Хамаг бие нь шархиран хөндүүрлэнэ
Арай хийн өндийж хавь орчноо харлаа.
Хартал юу байсан гэж санана
Харж урьд нь үзээгүй
Ханхар сайхан цээжтэй
Хавтай төрсөн зоригтон байна.
-Үгүй та чинь хэн билээ?
Үйлт чоно хаана байна?
Яалт ч үгүй тэр амьтан
Ясанд тултал зуух шиг л болсон.
-Хөөрхөн охин минь чиний
Хашгирах дуунаар ирсэн юм
Хөх саарал боохой чамайг
Хариугүй идэхийн даваан дээр
Хурдан шалмаг хөдөлгөөнөөр<
Хурц мэргэн зэвсгээрээ
Аюулт араатныг зогсоож
Амийг тань аварсан билээ би.
-Алтан амийг аварсан
Ачтан тандаа гялайлаа
Аугаа зоригт таны тухай
Аавдаа би заавал дуулгана аа.
Гарцаагүй тэр баярлана
Гавьяа юуг тань үнэлнэ
Эр зоригт эрэмгий таныг
Энэ насандаа мартахгүй санана.
Ингэж байтал гаднаас аав нь
Ирвэс, бар, буга тэргүүтэн
Өдрийн агнасан ангаа үүрсээр
Өргөө гэртээ орж ирээд зогтусав.
-Хүүе чи хэн билээ
Хонгорхон охиноос минь холд
Ямар санаа агуулав чи
Яаралтай түргэн далд ор
Жадаа түүнрүү чичлээд
Жигтэй харцаар харав гэнэ
Охиноосоо түүнийг холдуулаад
Одоохон гарахыг тулгав гэнэ.
Аавдаа үнэнийг ойлгуулахаар
Алиахан охин нь учирлав
Хэрэг явдлыг сонсоод
Хөөрхий эцэг баярлав
Үхлээс охиныг аварсан
Үнэн зоригийг бишрэв
-Ганц үрийн минь үнэт амийг
Эрэмгий чи аварсан болохоор
Гал сахих гэргий чинь болог
Энхрий охиныг минь жаргааж яв.
-Ачит аав тандаа баярлалаа
Агуйн гэрээ орхин явлаа ч
Энэ гэрээ эргэж тойрно
Эцэг таныгаа өргөж асрана.
-Хүү нь тандаа талархлаа
Хөөрхөн охиныг тань жаргаанаа
Хөгшин буурал таныг ч бас
Хүндэтгэн өргөж асарна аа.
Ингээд охин айлын хүн болж
Ижил дасал гэрээ орхиж
Хань нөхөр юугаан дагаад
Харь нутагт амьдран суухаар
Агуйн гэрээ санана даа гэж
Аавдаа эрхэлмээр болно доо гээд
Санаа алдан дуулна даа гэсээр
Салж ядан гэрээсээ явлаа.
Аавын охин гэрээс гарлаа
Анчин хүний гэргий боллоо
Амьдрал үзэх нас нь ч боллоо
Амар сайхандаа жаргах биз ээ.
Тэдэнд байгаль ивээлтэй байг
Тэдний амьдрал жаргалтай байг
Тэдний зовлон нимгэн байг
Тэдний зам дардан байг.
Үлгэр ингээд дуусаагүй
Үргэлжлэлийг дараа бичнэ
Дараагийн хэсэгт юу болохыг
Даамай та нар шийдээрэй.