2010-07-12

“Хуушуур хэрхэн төрсөн нь”

Оршил нь:
Зээ нөхдөө
Хуушуур гэдэг нь болвоос
Хавтгайлж элдсэн гурилд
Хэрчиж жижиглэсэн махаа
Халбагаар авч тавиад
Ам амсрыг нь чимхэж
Алгаараа дарж хавтгайлаад
Өтгөн тосонд хийгээд
Өнгө ортол нь шарахын нэр бүлгээ.
Зээ та минь сонсож бай
Зэрэгцэж зогсоод тогтооцгоо
Хуушуургүй наадам
Хошуугүй хүн гэж үгүй
Хуушуур хэмээх энэ зоогийг
Хүн бүр мэддэг ч гэлээ
Хүүхдүүд та нарт хэлж өгье.
Бидний хийх амттаны
Бэлтгэх гол зүйл бол
Эр хонины өөхтэй гуяыг
Эвдэж жижиглэн хэрчсэн
Амталж сайн хутгасан
Элдэв өвсөөр хачирласан
Арааны шүлс асгармаар
Эрээн алаг мах билээ.
Гурилыг түр орхиод
Гол махны тухай
Энгийн нэгэн түүхийг
Энд түрүүнд өгүүлье.
Эхлээд ингэсийн:
Нар хур нь тэгширсэн
Ногоо цагаа элбэгтэй
Баян сайхан хангай нутгийн
Балбар Бат Дорж хэний ч юм
Буян болсон мал сүргийн
Бор, цагаан аль ч юм
Тогоо тослох заяанд төрөөд
Тэжээгдэн өссөн малаас эхтэй.
"Наадам болох ч дөхлөө
Нөгөөх хэдээсээ нэлээдийг
Нарийн сайн ялгаж аваад
Нийслэл хүрээг зорьё.
Эд бараа, хүнс гурил болгоод
Энэ хэдийгээ арилжаад ирье”
Эзэн болсон малчин нь
Эхнэртэйгээ ийн ярилцжээ.
Хүчит шонхор зах дээр очоод
Хэдэн цаасаар солигдож орхилоо
Хүрэн алаг мах болоод
Худалдааны лангуунд тавигдаж хоцорлоо.
Мал сүргийн манлай болсон
Манай эхний баатар маань
Мах болж худалдагдаад
Маргааш нь ийм юм болсын.
Хотын наймаачин авгайн
Хуруу гараар шинжигдэж
Хэллүүлж, хэрчүүлж, хэмжигдээд
Хэсэг болж жижиглэгдээд
Хээтэй торонд савлагдаж
Хөлсний тэргээр хүргэгдэв
Хөлдөөгч хөргөгчинд ороод
Хэдэн цагийг өнгөрүүлэв.
Тэр зуур өөр нэгэн газар:
Ашигт хөрсөнд ургасан даа
Алтан тариа боловсорсон доо
Наян түрүү шаргалтан найгаж
Намарын ажил өрнөсөн дөө
Шаргалхан буудай шаагиж
Шар элс шиг асгарна
Үтрэм дээр залуус завгүй
Үдэш болтол ажиллаж байлаа
Хөдөөх ажил дуусахад
Хотын замаар машин цувна
Том цагаан байшинд ороход
Тээрмийн дуу хадаж байлаа
Үй түмэн буудай
Үйлдвэрт ингэж иржээ.
Тэндээс бяцхан буудайнууд
Тээрэмдүүлж гараад гурил боллоо.
Ус элдүүр сайн даадаг
Чанарын зэрэглэл дээд болсон
Цасан цагаан гурил болчихоод
Уут шуудайд савлагдсан юм
Үй түмэн буудайнууд
Үйрмэг гурил болоод
Үйлдвэрийн дэлгүүрээр дамжиж
Үйлчлүүлэгчийн гэрт иржээ.
Улаан мах цагаан гурилын
Учрах цаг хэзээ вэ?
Хуруу хошуу уулзалдаж
Хуушуур болох нь хэдийд вэ?
Хот газрын ганган бүсгүйн
Савх шиг нарийн сүмбэн хурууд
Хөлдүү махыг хөргөгчнөөс гаргаад
Сэвсгэр гурилыг уутнаас савлав
Мах жаахан гэсэхээр нь
Машиндаж хэрчиж жижиглэлээ
Тэрнээс өмнө амжуулаад
Түмпэн дүүрэн гурил зуурчээ.
Одоо л нэг цаг нь ирлээ
Олон цаг хүлээсний эцэст
Амтат хуушуур бэлэн болох нь
Ай даа тун ч ойрхон байна даа
Үүнээс цааш:
Алагхан махаа амтлахаар
Аагтай сонгино давс нэмлээ
Үнэр нь хамарт мэдрэгдэж
Үнэхээр болсны шинж бүрдэв
Халбага сэрээгээ зоож орхиод
Хавтгайлж элдэхээр гурилаа авлаа
Хэд нухалж жаахан зөөллөөд
Хэсэг хэсгээр хуваан тасаллаа
Тасалсан гурилаа бөөрөнхийлж
Тааруулж сайхан дараад
Таваг шиг дугуй элдэж
Тэгш сайхан хавтгайллаа.
Хавтгайлж элдсэн гурил дээрээ
Халбагаар мах таслан тавилаа
Тал хэсэгт нь тараагаад
Талыг нь дээрээс нь бүтээв.
Эрхий долоовор хуруугаар
Ам амсрыг нь чимхээд
Алгаараа зөөлөн дараад
Эвтэйхэн өрж гарлаа.
Нижгээдийг ингэж хийлээ
Нэлээн хуушуур ч болох нь
Тогоо саваан зэхэж
Тос юугаан халаалаа
Өтгөн тос ч халлаа
Өрсөн хэдээ ч хийлээ
Өнөөх хэдэн хуушуур
Өтгөн тосонд ороод
Голын усанд тоглох
Гялгар цагаан загасны
Гэдэс нь цадаад томрох шиг
Гурил нь сунаж томбойло
Халбага биш сэрээгээр
Хатгаж гурилыг нь цоолбол
Хий юу нь гараад
Хэвэндээ сайхан орлоо
Гэм нь шөл жаахан гараад
Гайхал тосонд нийлээд
Галын наадам болох мэт
Галт цог үсчих мэт
Гарлуу баахан үсэрлээ
Гар ч яахав дээ
Гайгүй биз гээд
Гаргах боллоо хуушуураа
Өөдөөс тос үсэрсэн ч
Өнгө ортол нь шарлаа
Үнэр юу нь амтлахыг яаруулж
Үмхээд авчихмаар шаргалтан байна.
Ингээд эцэст нь:
Олон хуушуур бэлэн болжээ
Овоолж тэднийг саванд хийжээ
Уур, үнэр нь гараагүй
Улбар хэдэн хуушуур
Уруулд хүрэхсэн гэхдээ
Ухаангүй ихээр баяртай байна
Урт удаан замыг туулж
Урсах цагийн хэмийг дагаж
Өдийгөөс түүх өгүүлсээр
Өнөөдрийн энэ өдөрт ирж
Өргөн түмний баярын идээ
Өнгөт сайхан зоог болжээ.
Хамгийн сүүлд нь:
Түмэн олон андууд минь
Та бүхэндээ миний бие
Улс хувьсгалын ойн өдөрт
Урт чилээсэн бичлэгийн сүүлд
Хуушуур хэмээх идээний
Хачин сонин түүхийн төгсгөлд
Хуртай нартай наадмын мэнд
Хүргэн буйг хүлээн авна уу
Нар хур тэгширсэн
Налгар зуны өдөр байна
Найз олон блогчид минь
Найртай сайхан баярлаарай.
Хуушуураан их идэж
Хошуу юугаан баярлуулж
Ходоодоо хэт хямраалгүй
Хянамгай сайхан зооглоорой.