2010-05-01

“Хаврын өнгө”

Эрдмийн их өргөөнөө мөнгөн хонхны жингэнэх дуу төгсөгчдийн баяр гунигийн дуутай хослоно. Цасан дороос анхны яргуй цухуйхтай зэрэгцэн малчны хотонд нялх төлийн дуу гарч, тариа ногоон талбайд тракторын өргөн мөр зурайна. Энэ бүгд дэлгэр баян нутагт минь дүн өвөл дуусч, урин хавар айлчлан ирсний дохио юм. Хаврыг хайргүйгээр төсөөлөмгүй. Хайрын тухай гэнэн бодлууд толгойд эргэлдэж, сэтгэл гэгэлзээд нисмээр ч болох шиг, нэг л тайван бус жигтэй болчих юм. Хавар гал улаан зүрх гал халуун хайрыг, биесээ эрэн тэнүүчилдэг. Тэнэж тэнэж нэгнээ олно. Тэгээд л амьдрал эхлэх нь тэр дээ. Ер нь хавар юм бүхний эхлэл нь юм. Хаврын анхны юм бүхэн сайхан. Тэр дундаа бороо ямар гоё гээч. Сэтгэлийн гүнд нуугдах гуниг харууслыг угаан урсгах мэт.Сайн нь муутайгаа сүлэлдэн орших энэ хорвоод хаврын мууг дурдалгүй өнгөрч боломгүй. Хаврын салхи ааш нь олдохгүй хүнтэй адил. Ёстой хавирга нэвт үлээнэ дээ. За тэр шороог бол ярих ч юм биш. Онгорхой хагархай бүхэн рүү улаан шороо чигжигдэх нь тэр. Хавар аа гэж.
Урьхан хаврын салхи нь хонгор
Улс олны амьдрал ханагар
Унаган нутгийн цэлгэр хөндийд
Уянга дууны эгшиг цээлхэн…

No comments: