2010-07-26

"Настан буурал эмээ"

Ээжийн минь эмээ гэж буянтай буурал хөгшин байж билээ. Энэ хүний нэрийг би сайн мэддэггүй байсан юм л даа. Дандаа л "хөгшин ээж" гэдэг байлаа. Хөгшин ээжтэйгээ би удаан хамт байж чадаагүй ч тэр миний зүрх сэтгэлд үргэлж арван хэдэн жилийн өмнөх тэр л дүрээрээ мөнхөд оршин байдаг юм. Хөгшин ээж маань дугуй хээтэй ягаан шаргал дээлтэй, нэг гартаа таягаа тулан, нөгөө гартаа эрхиэ барьчихсан гэрээс гарч ирээд: -Миний охин орж унд аа уу гэхэд нь хөгшин ээж надад "ундаа" өгөх нь гэж баярлаад тоглоомоо тэр чигт нь хаячихаад л гэрт гүйн ордог байлаа. Тэр хойморын намхан бор ширээн дээр тавагтай боорцог, аяга сүүтэй цай тавьчихсан: -Суу охин минь. Унд аа уу гэхэд нь: -Өө энэ чинь ундаа биш цай боорцог л байна даг. Хүн тоглож байхад чинь худлаа яриад оруулчих юм гээд л бөөн уур болдог байлаа. Намайг цайгаа уухаар ширээний өмнө суухад олон жилийн ажилд нухлагдсан гэмээргүй бумбайсан шар гараараа боорцог хугалан аягатай цайнд минь хийж өгнө. Миний ч уур дорхноо арилаад цайгаа ууж аваад л тоглохоор гардаг байлаа. Би одоо ч цайндаа боорцог хугалан хийж идэх дуртай. Хөгшин ээж л намайг боорцогтой цайнд оруулсан юм даа. Би хөгшин ээжийн бор таягаар тоглох их дуртай. Тэгээд л ээждээ загнуулна. -Боль чи. Наад таягаа хөгшин ээждээ өг. Наадах чинь эмээгийнх нь хөл байхгүй юу гээд л...
Би түүний бурханы оронд очсон өдрийг санадаг юм. Тэгэхэд би таван настай л байсан байх. Ээж аав бид гурав их л яарч хөгшин ээжийнд ирэхэд түүнийг нэг эмч эгч тариад сууж байлаа. Би эмээгийн орны дэргэд очоод харвал тэр их л өвдөж байгаа бололтой царай нь их зовиуртай харагдаж байсан юм...
Гэр доторх хүмүүс бүгд торч зогссон байлаа. Тэдний голд орон дээр хөгшин ээжийг маань хэвтүүлээд орны дээрх авдар дээр зул асаачихсан байв. Бүгд л гунигтай, нүдэндээ нулимстай. Би жаахан байсан хэрнээ түүнийг "бурханы оронлуу эргэж ирэхээргүй явчихжээ. Би ч гэсэн уйлах ёстой" гэж бодож байсан. Заримдаа миний ямар нэг юм болохгүй байвал хөгшин ээжийнхээ бурханд мөргөж гуйдаг байсан юм. Бас түүний зургийг удаан гэгч нь хараад багынхаа тэр л дурсамжуудыг санан санаа алддагсан. Хөгшин ээж минь одоо байхгүй болсон ч гэсэн зүрх сэтгэлд минь амьд хэвээрээ яагаан шаргал дээлтэйгээ, бор таяг, эрхиэ барьчихсан гэрийнхээ үүдэнд зогсож л байгаа.
2006 он

No comments: