2010-08-03

"Эрт урьдын цагт юм гэнэ ээ" хэмээх 1-р хэсэг

Эртээ урьдын цагт гэнэ
Эртний нэгэн охин байжээ
Агуй гэртээ өдөржин суугаад
Аавыгаа ирэхийг хүлээдэг байлаа
Охин:
-Арслан зааныг ч дийлэх хүчтэй
Анчин аавын охин билээ
Аав минь ангаас олзтой ирээд
Адал явдлаа хурдхан яриасай.
Аав:
-Хөөрхөн охиндоо аав нь
Хөөр баяртай ирлээ дээ
Авласан ангаа харуулахаар
Алсаас яарсаар ирлээ шүү
Чи миний юу авчирсныг
Тааж мэдэж байна уу охин минь
Чоно, туулай, үнэг, хярс гээд
Тооломгүй их олзтой ирлээ
-Охин нь галаа өрдөе дөө
Оройн зоогоо бэлтгэе дээ
Амарч та минь тухлаач
Алив жадаа нааш нь өгчих
Галаа сайн манасан болохоор
Гарцаагүй та шагнана биз ээ
Гэрээ сайн харсан болохоор
Гэнэхэн охиноо үнсэнэ биз дээ.
-Хонгорхон охиндоо аав нь
Хархан үнэгний зөөлөн арьс
Хурц хурдтай нум сум
Хоёуланг нь бэлэглэж байна.
Том болоод охин минь чи
Төөрөг жамын ёсыг даган
Аавын гэр агуйгаа орхиод
Анчин хүний гэргий болно.
-Ачлалтайхан аав минь дээ
Арай ч таныгаа орхихгүй ээ
Өтөлж та минь өвгөн болсон ч
Өргөж таныгаа асрах болно оо.
-Ийм л ухаантай охинтой болохоор
Аав нь хүчтэй байдаг юм шүү дээ
Ирвэс, бар, арслангаас ч айхгүй
Аймшиггүй чин зоригтой байдаг юм
-Орой болж нар ч жаргалаа
Одоо хоёулаа хоолоо идье
Хоолны амт хэр болсон байна
Хэлж зөвлөөч аав минь
-Орчлонд үүнээс илүү амттайг
Огтхон ч аав нь зооглож байсангүй
Охин минь чи хийсэн болохоор
Онцгой сайхан болсон байна
-Алив аягаа нааш нь өгөөч
Арчиж жаахан цэвэрлээдхэе
Агуйн гэрт амьдардаг ч гэсэн
Ажилсаг сэргэлэн охин шүү би
-Од түгэж харанхуй боллоо
Орондоо ч орох цаг боллоо
Унтаж амаръя даа охин минь
Угтах өглөөд өөдрөг сэрээрэй.
-Ангийн хойноос өдөржин гүйгээд
Алжааж зөндөө ядарсан биз дээ.
Та минь ч гэсэн унтаж амар
Тавтай сайхан нойрсоорой.

6 comments:

vlmedeh said...

Блогспотчиддоо зориулан blogchid.com шинээр нээгдлээ.

vlmedeh said...

Энэ гэр бүл үнэхээр таалагдлаа
Элэгсэг дотно мэдрэмж төрүүллээ

Эхлүүлсэн үлгэрээ хурдан үргэлжлүүлээрэй
Эгэл би орж ирж уншиж байнаа амжилт

ккк

K said...

:D хөөрхөнийн...

Сэгсгэр Сэрээ-Анааш said...

Үлмэдэх-ок хэхэ
К-хэхэ тайнкс

vlmedeh said...
This comment has been removed by the author.
Galzuudleo said...

гоё эхлэж байна дуусганаа